Expo Mongolia-21 Компанийн Ерөнхий захирал Инго Клойве



“Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриатай олон улсын “Expo Mongolia” үзэсгэлэн, бага хурал 2012 оноос тогтмол зохиогдож байгаа билээ. Уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, банк санхүү, эрүүл мэнд, эрчим хүчний салбар дахь дэвшилтэm техник технологийг танилцуулдаг энэхүү үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч “Expo Mongolia-21” компанийн Ерөнхий захирал Инго Клойверээс тодрууллаа. 


Юуны өмнө уншигчдад зохион байгуулагч компанийн талаар танилцуулахгүй юу?

“Expo Mongolia 21” компани нь дэлхий даяар жилд 25 үзэсгэлэн зохион байгуулдаг  компани юм. Манай компани нь олон улсын үзэсгэлэнг Европын холбооны улсууд, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад зохион байгуулж байна. Үзэсгэлэн маань маш олон салбарыг хамардаг. Уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр ложистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын салбар ч багтдаг. “Expo Mongolia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг бөгөөд олон улсад гурван салбартай.

Үзэсгэлэнг Монголд зохион байгуулах учир шалтгаан чухам юу байсан бэ?

2011-2012 оны эдийн засгийн өсөлт, уул уурхайн “буум” нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Хөгжиж буй энэ зах зээлд шинэ техник технологийн маш их эрэлт хэрэгцээ байна гэж манай компанийн зүгээс олж харсан юм. Дэлхийн хэмжээний том том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж бид үзсэн. Гадны хөрөнгө оруулагчид, техник технологийн үйлдвэрлэгчдэд  Монголд маш их боломж харагддаг.

Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгүүр, хүчин зүйлийг уул уурхайн салбар гэж гадаадын улс орнууд төдийгүй Монгол улс  өөрөө ч  хүлээн зөвшөөрдөг. Газар доорх арвин их нөөцтэй тус улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь нүүрс, газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалыг олборлох явдал мөн хэмээн үзэж анхаарлаа энэ зүгт хандуулан ажиллаж байна. Монгол улс нь Тавантолгой, Оюутолгой зэрэг уурхайнуудын үйл ажиллагааны үр дүнд уул уурхайн салбарт манлайлагч, томоохон хэмжээний  үйлдвэрлэгч орон болох асар их боломж бий.

Монгол улсын нэн тэргүүний зорилго нь өөрийн орны эдийн засгийн хөгжлийн үр ашиг болон хүрээгээ өргөжүүлэн тэлж, зөвхөн уул уурхай төдийгүй салбар бүрийн цаашдын хөгжилд анхаарлаа чиглүүлэн ажиллах явдал юм. Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, тус улсад шинээр бизнес эхлүүлэх болон хамтран ажиллахад гадаадын хөрөнгө оруулагчдад, холбоо болон хувийн аж ахуйн нэгжүүдэд хамгийн тохиромжтой цаг үеийг туулж явна. 

Монголд ийм төрлийн маш олон үзэсгэлэн зохиогддог. “Expo Mongolia” үзэсгэлэнгийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?

Хамгийн түрүүнд үзэсгэлэнд тавигдах шаардлага евро стандартад нийцсэн байдаг нь манай зохион байгуулж буй арга хэмжээний гол онцлог юм. Олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн зохион байгуулдаг учир бусад улс орнуудад ч бахархалтай, нүүр бардам танилцуулдаг. “Expo Mongolia” үзэсгэлэн нь зөвхөн уул уурхай салбарын үзэсгэлэн бус бусад бүх салбарыг хамааруулдаг нь бас нэг онцлог, давуу тал нь билээ.

Манай үзэсгэлэнг ХБНГУ-ын Хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам, Германы хүнд машин механизм үйлдвэрлэгч, инженерүүдийн холбоо албан ёсоор дэмжин ажиллаж, шийдвэр гаргагч төлөөлөгчдөө илгээж, үзэсгэлэнгийн үеэр хийгддэг өндөр хэмжээний бага хурал, уулзалт, зөвлөгөөнд илтгэл тавьж, санал бодлоо Монголын  бизнес эрхлэгчидтэй солилцдог юм. Мөн Монгол улсын Засгийн газар жил болгон бидний үйл ажиллагааг дэмжин ажилладагт талархалтай байна. Энэ бүхэн манай үзэсгэлэнгийн чанар, түвшинг илтгэж байгаа болов уу.

Энэ удаагийн үзэсгэлэн шинэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хүрэлцэн ирэх үзэгчдийг ямар боломжууд угтах вэ?

Монголын компаниудын тэр болгон үзэж танилцаад байж чаддаггүй томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнийг үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломжийг үзэсгэлэнд оролцогчид олж авна. Жирийн сонирхсон хүнд ч энэ үзэсгэлэн маань их сайхан үзүүштэй, танин мэдэхүйн талаасаа ч ач холбогдолтой байх болно. 



Back to Overview