Д. Нарангиймаа: Сорилтыг давах хамтын ажил

IMG_2894.JPG2017 оны 10-р сарын 10-аас 12-ны өдрүүдэд Мишээл Экспо Төвд Expo Mongolia 2017 олон улсын үзэсгэлэн, бага хурал тав дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бизнесийнхний дунд хүлээлт үүсгээд буй энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагч JV Consult LLC компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

 

- Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэсэн ч улс төрийн орчинд хүлээгдэж байгаагүй гэж хэлж болохоор өөрчлөлтүүд өрнөж байна. Ийм үед бизнесийнхэн чухам юунд илүү анхаарч ажиллах шаардлага тулгарч байна вэ?

Монгол улсын эдийн засгийн хөгжлийг уул уурхайн салбарын болон төрийн бодлогоос салгаж ойлгоход хүндрэлтэй л дээ. Эдийн засгаа солонгоруулна гэж их ярьдаг боловч бодлогын түвшинд бодитой ажил хийж үр дүн гаргасан нь төдийлөн анзаарагдахгүй байна. Одоо бол уул уурхайн түүхий эдийн үнийн уналт, өсөлт, улс төрийн нам доторх тэмцэл гээд үйл явцууд өрнөж байна. Технологийн хөгжил хурдасч, харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцоход төвөгтэй биш болсон ч бизнесийнхний хувьд хамтын ажиллагаа үүсгэхийн тулд нэг дор нүүр тулсан уулзалт хийх шаардлага их байгаа гэж хардаг. Өөрөөр хэлбэл сая дурдсан эдийн засаг, улс төрөөс үүдэлтэй сорилтыг давах нэг гарц нь олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм.

Манай улс жил бүрийн 3-р сард болдог байсан эдийн засгийн чуулганаа энэ жил зохион байгуулсангүй, яагаад цуцалсныг сайн мэдэхгүй юм, харин 9-р сард томоохон уулзалт чуулганууд боллоо, гэхдээ хуралдаж чуулах нэг хэрэг.Хурал цуглааны дараа үр дүн гарсан эсэхийг нягтлан мэдээлж байх ёстой  гэсэн Ерөнхий сайдын үгтэй бид санал нэг байгаа.Энэ тал дээр хаа хаанаа бодолцох хэрэгтэй гэж бодож байна. Харин бизнесийн түншээ олох, гэрээ хэлэлцээр байгуулах боломжийг бүрдүүлсэн олон улсын үзэсгэлэн зохион байгуулах нь хурал чуулганаас арай өөр асуудал гэж хардаг. Цаг хугацааны хувьд авч үзвэл үүний хамгийн ойрын жишээ нь Expo Mongolia олон улсын үзэсгэлэн гэж хэлнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унасан 2016 онд ч энэхүү үзэсгэлэнд дэлхийн зах зээлд байр сууриа олсон, нэр хүндтэй 70 орчим байгууллага оролцож, 3000 гаруй зорилтот үйлчлүүлэгчид ирж, түншлэлийн хүрээгээ өргөжүүлсэн байгаа. Энэ жилийн зохион байгуулалтын ажил ид дундаа явж байна.

- Энэ төрлийн үзэсгэлэн зохион байгуулах нь эдийн засагт бодитой нөлөө үзүүлдэг үү? Та жишээ хэлэхгүй юу?

Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн Газар дэмжлэг үзүүлдэг.     ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа Эрчим Хүчний Яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) биднийг жил бүр дэмжин ажилладаг гэдэг утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол өндөр.

Манай компани нь ХБНГУ-ын “Мюнхений олон улсын үзэсгэлэнгийн Танхим”, “Дюссэлдорфийн олон улсын үзэсгэлэнгийн танхим”-ын Монгол улс дах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Жишээ хэлэхэд, “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”-ийн зохион байгуулдаг “Bauma” бол дэлхийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн. 2016 онд л гэхэд 580,000 хүн зочилсон байх жишээтэй. Энэ бол манай улсад бүтэн жилд ирдэг жуулчдын тооноос ч давсан үзүүлэлт. Энэ үзэсгэлэнг зорих хүмүүс Мюнхений зочид буудлуудыг дүүргэж, нисэх онгоцны тасалбар, орон нутгийн галт тэрэгний тасалбар зарагдаж дуусдаг. Энэ бол эдийн засагт нөлөөлж байгаа бодитой жишээ гэж хэлнэ.

Бид үзэсгэлэнгийн тохижолт,менежментийн Европт стандартын дагуу зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижилтоо хийж байна. Expo Mongolia олон улсын үзэсгэлэн нь  цаашдаа дотоодыг чиглэх валютын урсгалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг тийм арга хэмжээ болох үндэс суурийг тавьсан гэж бодож байна.

Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд барилгын компаниудын тоо нэмэгдсэн дүнтэй байгаа. Тухайлбал Aquatherm GmbH, Bongianni Macchine, EBAWE Anglagentechnik, Stiebel Eltron зэрэг компаниудыг дурдаж болно. Өөр нэг онцлох зүйл нь бид matchmaking буюу компаниудыг хооронд нь холбох үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна VIP уулзалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ер нь энэ үзэсгэлэнгээр манай дотоодын компаниудын захирал, менежерүүдэд их олон боломжийг гаргаж өгч байгаа юм.

- Expo Mongolia үзэсгэлэнг “Expo Mongolia-21” компани зохион байгуулдаг. Хэр өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани вэ?

Манай JV Consult компани нь үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад  жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг, ХБНГУ-ын “Expo Mongolia 21” группийн охин компани юм. Ийм ч учраас олон улсын, тэр дундаа Европын үзэсгэлэнгийн танхимын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Эдгээр үзэсгэлэнгүүд уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр логистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд гээд олон салбарыг хамардгаараа онцлогтой. “Expo Mongolia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг бөгөөд олон улсад гурван салбартай.

- Энэ Үзэсгэлэнг Монголд зохион байгуулах учир шалтгаан чухам юу байсан бэ?

Expo Mongolia-21 компанийн Ерөнхий захирал Инго Клойвегийн хэлснээр 2011-2012 онд Монголын эдийн засаг 17 хувиар өсөж, уул уурхайн салбарт огцом өсөлт гарсан нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Дэлхийн хэмжээний том том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж үзсэн.

- Монголд энэ төрлийн маш олон үзэсгэлэн зохиогддог. “Expo Mongolia” үзэсгэлэнгийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?

Монголын компаниудын тэр болгон үзэж танилцаад байж чаддаггүй томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнийг үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломжийг үзэсгэлэнд оролцогчид олж авна. Мөн манай үзэсгэлэн дээр дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.

-Танай үзэсгэлэн , бага хуралд гадаадын ямар ямар компаниуд оролцдог вэ?

“EXPO MONGOLIA 2017” олон улсын үзэсгэлэн, тогтвортой хөгжлийн бага хуралд ХБНГУ, БНХАУ, Итали, Солонгос, Монголын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол улсын төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруулагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.

-Танай үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг бага хурлаас юуг хүлээж болох вэ?

Бид бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг. Урьд жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцэж байсан бол энэ жил бид “Investment & Innovation” сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр бэлтгэж байна. Жишээ нь Экспорт, Импортын санхүүжилтийн асуудал, технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж,

Монголын банкны салбарын өнөөгийн байдaл, Тос болон хийн салбар дах системийн шийдэл, Үйлдвэрлэлийн салбарыг эрчим хүчээр хангах асуудал гэх мэт сэдвүүдээр илтгэл тавигдана.

- Бизнесийнхний хувьд маш олон боломжийг нэг цэгт төвлөрүүлсэн арга хэмжээ болох юм байна. Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа.

 



Back to Overview